Thursday, April 5, 2012

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ - ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ






ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

  

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 1.1.  Технологийн дээд сургуульд оюутан элсүүлэх ажлыг “Дээд боловсролын тухай” хууль, ТДС-ийн дүрэм, БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-ыг болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
1.2.  ТДС-ийн элсэлтийн ажлыг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.3.  Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран, БСШУЯ-аар хянуулсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан суралцагч элсүүлнэ.


ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1.    Элсэлтийн комиссыг ТДС-ийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.
2.2.    Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам элсэгчдийн материалыг шалгах болон ур чадварын шалгалтыг зохион байгуулж авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.
2.3.    ТДС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэхийш хүсэгчдийн мэдлэг, авъяас чадварыг үнэн зөвөөр үнэлэн дүгнэхэд оршино.


ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА БА ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

3.1.    ТДС нь бүрэн дунд боловсролтой иргэдээс гадна МСҮТ төгсөгчдөөс үндсэн мэргэжлийн чиглэлүүдээр элсүүлнэ.
3.2.    Бакалаврын сургалтанд элсэхийг хүсэгчид (мэргэжлийн чиглэлээс хамаарч хими, математик, гадаад хэл, нийгмийн шалгалт өгсөн байх) ерөнхий шалгалтанд (ЕШ) 50%-иас дээш оноо авсан тохиолдолд ТДС-д элсэхэд тавих эхний болзлыг хангасанд тооцно.
3.3.    Дээд болон тусгай дунд боловсролтой иргэдээс зарим мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтанд оройн ангид суралцуулах ба тэднээс ЕШ өгөхийг шаардахгүй.
3.4.    ТДС-д элсэгчид нь хүнсний болон үйлчилгээний салбарт ажиллахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байна.

ДӨРӨВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАЛТ, ШАЛГАРУУЛАЛТ

4.1.    Дээд боловсрол эзэмшихийг хүсэгчид ЕШ-ын батламж, хувийн хэрэг, өргөдлийн хамт элсэлтийн комисст ирүүлнэ.
4.2.    Элсэхийг хүсэгчдийг шалгаруулахдаа ЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноог оролцуулан дүнг гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.

4.3.      Аж ахуйн нэгжийн захиалгаар элсэгчдийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.        

4.4.    Элсэхийг хүсэгчдийг тухайн жилийн 06 сарын 10-наас эхлэн бүртгэж, шалгаруулалтыг 07 дугаар сарын 20-ны дотор хийж, тэнцсэн хүмүүсийн нэрийг ТДС-ийн www.itech.edu.mn вэб хуудсанд, хичээлийн “А” байрны зарлалын самбарт байрлуулна.
 
ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

   5.1.    Шалгаруулалтаар элсэх болзол хангаж, зохих хяналтын тоонд багтсан элсэгчдэд суралцах эрхийн бичгийг сургуульдаа ирж бүртгүүлэх үед олгоно.

5.2.    Элсэлтийн шалгалтын дүнгээр хяналтын тоонд багтсан хүмүүс эмнэлгийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ. 

5.3.    Элссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
-    Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
-    Иргэний үнэмлэх болон түүний хуулбар
-    Ерөнхий шалгалтын онооны батламж
-    Сурагчийн хувийн хэрэг, 3 үеийн түүх
-    Тухайн оны 3*4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
-    Сургалтын төлбөр төлсөн баримт
-    Бүртгэлийн хураамж
-    Бичиг баримтын хавтас
5.4.  Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.
5.5.  Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

                                                      Элсэлт авах мэргэжилүүд
 Бакалаврын сургалт

1. Хүнсний үйлдвэрийн технологи
2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи
3. Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй
4. Зочид буудал, зоогийн газрын удирдлага
5. Компьютерын програм хангамж
6. Хүнсний үйлдвэрийн машин аппарат

Магистрын сургалт
1.Хүнсний үйлдвэрийн технологи, хоол үйлдвэрлэл

ХОЛБОО БАРИХ: Утас: 70134105, 70131694
website:www.itech.edu.mn
mail: itech@itech.edu.mn
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

No comments:

Post a Comment